2012 оны 10 сарын 3
Боловсрол, шинжлэх ухааны яам Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад магистрантур, докторантурт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтыг анх удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа. Зээл авах хүсэлтэй оюутнуудыг бүртгэх хугацаа өмнө нь тав хоног байсан бол энэ удаад 14 хоног болгож сунгаснаар нийт 24 хүүхэд бүртгүүлээд байна. Үүнээс дөрвөн оюутны материал шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хасагдаж, үлдсэн 20 хүн өчигдөр шалгаруулалтад оролцов.

Бүртгүүлсэн оюутнууд нэн түрүүнд БШУЯ-аас санал болгосон 41 багшаас өөрсдөө сугалан 10 багшийг сонгосон. Ингэснээр шалгуулагчид болон сонирхсон бусад иргэдэд сонгон шалгаруулалт шударга явагдаж байгааг харуулсан юм. Сургуулиа сонгож урилга хүлээн авсан болон сургуульдаа очоод сурч байгаа оюутнуудаас багш нар ярилцлага хэлбэрээр шалгалт авсан. Харин ярилцлага хэрхэн өрнөж байгааг тусгай танхимд дэлгэц байрлуулан бусад оюутнуудад шууд үзүүлж байв.

Мөн Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг сонгон шалгаруулалтын явцтай танилцаж, Өмнөд Солонгос улсад сурч байгаа оюутантай онлайнаар харилцаж, ямар зорилгоор төрөөс санхүүжилт хүсч байгаа, ямар чиглэлээр сурч байгаа, ирээд хаана, ямар ажил эрхлэх вэ зэрэг асуулт тавьж, зөвлөгөө өгөв. Ерөнхий сайд энэ үеэр "Гадаадад сурч, мэдлэгээ өргөжүүлэн, эх орондоо ихийг хийх хүсэлтэй оюутан бүр шалгаруулалтад орж, төрөөс дэмжлэг авах эрх нээлттэй. Харин сургалтын төрийн сангийн зээл болон энэ шалгаруулалтын талаар мэдээлэл тун хомс байгаа нь манай боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Тиймээс цаашид энэ удаагийнх шиг нээлттэйгээр зохион байгуулж, бүртгэлийн хугацаа болон суралцуулах улс орон, чиглэл зэргийг эртнээс зарладаг байх хэрэгтэй. Ер нь жил бүрийн хоёр өдрийг сонгон шалгаруулалтын өдөр болгож зарласан ч болно шүү дээ" гэж онцлон хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас жил бүр 100 оюутныг сургалтын төрийн сангийн зээлд хамруулах боломжтой. Өнгөрсөн хавар 70 оюутан өндөр хөгжилтэй оронд суралцахаар явсан. Харин энэ удаад 30 оюутанд төр дэмжлэг үзүүлэх байсан ч 20 оюутан шалгаруулалтад орсон юм. Шалгаруулалтын эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч өчигдрийн ярилцлагын дүнгээс харахад 19 оюутан 60-аас дээш хувийн амжилт үзүүлсэн байна.

Б.ТУЛГА
Сүүлийн сэтгэгдэлүүд
  • Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.