2012 оны 8 сарын 23
“Аморе”  итали зайрмагны шинэ үйлдвэр нээлтээ хийлээ

Үндэсний Манлай Үйлдвэр “СҮҮ” ХК нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх  мөн Монголынхоо нийт хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэх  зорилгоор  үйлдвэрийнхээ хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж хоногт 250 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр болон өргөжлөө. Энэхүү өргөтгөлийн ажлынхаа хүрээнд   “Аморе” нэрийн  итали зайрмагны үйлдвэрээ ашиглалтанд оруулаад байна.  Тус үйлдвэр нь Итали улсын  IMAR, MATRIX ENGINEERING TEXNOFREESE  зэрэг  итали зайрмагны тоног төхөөрөмж, шугамуудыг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа бөгөөд Итали, Монголын инженер техник, технологийн  ажилчид хамтран ажилласан юм.  “СҮҮ” ХК- ний “Мөрөөдлийн” зайрмагны үйлдвэр нь цагт 4000 ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол техникийн шинэчлэл хийн өргөтгөсөн “Аморе” итали  зайрмагны үйлдвэр нь цагт 10000 ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай юм.   Мөн тус үйлдвэр нь итали түүхий эд, итали технологиор 20 гаруй нэр төрлийн зайрмагыг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж эхлээд байна.  Итали зайрмагны онцлог нь бусад зайрмагнаас  хамгийн тослог багатай байдаг бөгөөд хэрэглэгчдийнхээ хүсэл хэрэгцээнд нийцсэн иштэй, торхтой, сэндвич, мөсөн болон 500 гр, 1000 граммаар савласан гэр бүлийн зайрмагыг үйлдвэрлэх юм.  Дэлхийд алдартай итали зайрмагны гайхамшигт амтыг  эх  орондоо үйлдвэрлэн эрхэм хэрэглэгчиддээ мэдрүүлэх гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн “СҮҮ” ХК нь  сүү боловсруулах үйлдвэрийнхээ өргөтгөлийн хүрээнд  Монголд анх удаа тетрапак савлагаагаар савласан монгол үнээний шингэн сүү болох “Өтгөн сүү”- гээ худалдаанд гаргахаар бэлтгэж байна.
Сүүлийн сэтгэгдэлүүд
  • Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.